ДАМДАА : Буруу энгэртэй дээл-3

Буруу энгэртэй дээл-3

Санааг мэгшин мэгшин уйлж байхыг харсан Хуягаа нулимсыг нь арчин аргадан байсан аа, гэв гэнэт уруул дээр нь удаан гэгч нь үнсэж орхив. Санаа сая л ухаан орж, Хуягааг цааш түлхсэн ээ, "Танай тэр Төөдөө чинь энд нэг бэлэн охин байгаа гэж хэлж байна уу?" хэмээн ууртай хэлэв. Хуягаа ч сая нэгийг санаж бодов бололтой "Төөдөө чамд огт тохирохгүй хүн шүү дээ" хэмээн өчихөд Санаа эрс загнаж хаалга руу дөхөхөд Хуягаа бүр сандарч уучилал гүйх ч хэцүү, байх ч хэцүү болсоор дэмий л ам нь ангалзсаар хаалганы цаана хоцров. Санаа Хуягаагийн өөдөөс хаалгаа шидэж хаяангуут,  хаалга  ууртай нь аргагүй тар няр хийж бас тас түгжигдлээ.  "Ээ тэнэг, ёстой балай юм боллоо" хэмээн Хуягаа өөрийгөө зүхсээр, мөн Санааг гэсэн итгэл нь өчүүхэн ч гал байхгүйг бас олж харсаар урвуухан шатаар уруудав. Уг нь  Санааг анх харсан хүн нь Хуягаа, танилцах гэж хэл үг өдсөн нь Хуягаа, өдөр бүр тасгийг нь эргэж “цагаа бүртгүүлж” байсан нь Хуягаа гээд гээд Санаагийн хайр сэтгэл нь хөнгөмсөг, өөрийн бодолгүй Төөдөөд оногдсоныг бодохоор,  дурлалын ертөнц хэмээх энэ нэгэн үл ойлгогдох ертөнцөд ямарч хууль үйлчилдэг нь хамгийн ойлгомжгүй байлаа.

Санаа Хуягааг хөөж гаргасныхаа дараа хаалгаа түгжиж аваад баахан бахирмаар байсан ч тэгсэнгүй. “ Өмхий  Төөдөө нь явууллаа” хэмээн дотороо бодож,  ер нь хүн өөрийг нь гээгүй байхад тэгтлээ Төөдөө хэмээн хамаг ухаан санаагаа зориулж байсандаа өөрийгөө зүхэв. Санаагийн сэтгэл сэглэгдэн хэлтэрхий болон хуваагджээ. Гэхдээ л Санаа өөрийгөө буруутай хэмээн олж харлаа. Санаа хэрэв анхнаасаа цааргалсан бол ийм юм болохгүй л байсан шүү дээ. Гэхдээ л хайрлаж дурласан хүн нь тэр болгон өөрийн байх албагүйг, бас хайр дурлалыг элдэв учралаар “баталгаажуулах” хэрэггүйг Санаа их сайн ойлгож авлаа. Санаагийн хацрыг даган урсах гашуун энэ нулимс шорвог амтагдан бас ухаарал гэдэг ямар үнэ цэнэтэй эд болохыг сануулах мэтээ.  “Очиж очиж Энжээ шүү” Санаагийн тархи заадлаараа бараг салахаа шахлаа.

Юутай ч Санаа аавынхаа өмсөж байсан тэмээний ноосон цамцыг гарган авч үнэрлэхэд аав нь үнэр болон Санаагийн цээжээр нэг тархлаа. Санаа уг нь аавыгаа өнгөрснөөс хойш уйлах дүргүй болсон байсан юм сан. Ээжтэйгээ утсаар ярихдаа  цовоо дуугаар ярьж ээжийнхээ сэтгэлийг засаж болно, харин аав нь үргэлж хаа ч явсан Санааг харж байгаа болохоор Санааг уйлах бүрийд аав нь сэтгэл зовж шаналж байгаа хэмээн итгэж Санаа аавдаа уйлж харагдахыг хүсдэггүй билээ. Энэ удаад үнэхээрийн тэсэхийн арга байсангүй.

Санаа аавынхаа цамцыг үнэрлэн үнэрлэж элгэндээ тэвэрлээ, сэмэрсэн сэтгэлийг нь сийгэх салхийг хааж байна, тэр цамц. Санаа орон дээрээ  хэвтээд бүхэл биеэ атийн аавийнхаа ноосон цамцаар бүхий л биеэ хучив. Бие нь арай дулаацах шиг. Санаа нүдээ анилаа, нулимс шанааг нь даган урсав. “Аав аа, би буруудсан байна тийм үү. Би тэр хүнтэй юуны түрүүнд тэгж гүнзгий харьцаанд орж болохгүй байсан байна, тийм ээ. Би одоо яах вэ, аав аа. Намайг мэдэх бүх хүн л намайг элэглэх байх даа, би ер нь хүний нүүр харах эрхгүй болчихсон юм биш үү, би ер нь бушуухан гэртээ харих нь дээр үү? Та юу гэж бодож байна?” хэмээн Санаа аавтайгаа ярьсаар нулимсаа урсгасаар .

Төөдөө Санааг хайрлаагүй байж болно, тэрийг Санаа хүлээн зөвшөөрч болох байсан хэдий ч Санаагийн сэтгэлийг дөрөөлж Санааг замын хэн нэгэнтэй адилтган үзэхийг Санаа зөвшөөрч чадахгүй байлаа. Гэж хичнээн бодоод ч бүх юм дэндүү оройтжээ.

Санаа ийм Энжээ, Төөдөө, Хуягаа гуравтай цаашид хэрхэн яаж аж төрөхөө мэдэхээ байжээ. Бүхний түрүүнд гэртээ хария гэж бодогдоод байсан ч, сэтгэл нь жаахан тайвширч онгойход Санаагийн дотор хэнд ч үл дийлдэх гэсэн тийм нэгэн хүсэл  урьд урьдынхаасаа улам хүчтэй оргилон байгааг өөрөө анзаарлаа. Санаа бодлоо, би яагаад суургуулиа хаях ёстой гэж, би ямар буруутай юм бэ. Миний сэтгэл үнэн байсан нь чин үнэн билээ, би Төөдөөд хэзээ ч худлаа байгаагүй, тийм болохоор өөртөө хамаг ачааг үүрэх нь үнэхээр шударга ёсонд үл нийцэх мэт санагдав. Юутай ч Санаа сургууль номын сан гэсэн маршрутыг хатуу тогтоож оройн цагаар л тасагтаа байхаар хатуу гээч нь шийдлээ. Сургуулиас нь өөр юу ч үгүй Санаад сургууиа л эрхэм сайн төгсөх нь Санаагийн чадах ганц зүйл байлаа. Гээд гээд физикийн багш л болно шүү дээ хэмээх нэгэн бодол тархинд нь харван орсноо  өвгөн багшийнх нь хэлсэн энэ шинжлэх ухаануудын дотороос физикийн шинжлэх ухаан л хүн төрөхтөний зуун зуун жилд мөрөөдөж байсан нисдэг хивсний үлгэрийг амьдруулахад, Бернуллийн хууль л хүн төрөлхтөнд нэгдсэн халаалтын систем, цэвэр бохир усны хоолойг татах боломжийг олгосон хэмээн хэлж байсан нь санаанд орж өөрийгөө бүхий л хүн төрөлхтөний хөгжлийн дээвэр дээр сууж байгаа мэтээр төсөөлөн бодлоо.

Аавынхаа цамцыг нөмөрсөөр элдвийг бодон хэвтсэн Санаа нэг мэдэхэд  өглөөний 7 цаг болж байлаа. Санаа шууд босон цайгаа чанаад, хөндүүрхэн нэг санаа алдан хоосон талхтай цайгаа уучихаад хичээлдээ явлаа. “Муу Энжээтэй дуугарахгүй дээ” хэмээн хөмсөгөө зангидан бодсоор ангидаа ирлээ. Хүүхдүүд цугласаар, өчигдөрийн солонгос драмыг ярьсаар инээлдсээр. Анх удаагаа л Санаа тэнэг солонгосууд хэмээн дотороо хараав. Энжээг ирэхийг нь хүлээн, доторх уураа барьж ядан суутал хонх дуугаран багш нь орж ирлээ. Энжээ тэр өдрийн хичээлд ирсэнгүй. “Төөдөөтэйгээ сайхан зугаалж байгаа юм байна л даа” хэмээн гоморхон бодсоор хичээл тарлаа. Санаа шууд номын сан орж хаатал нь суусаар тасагтаа иртэл тасаг нь гэрэлгүй байлаа. “Өө за, Төөдөөтэйгээ бүр нэг дор орчихсон хэрэг” хэмээн гайхангуй бодсоор тасагтаа орж ирэн гэрлээ асаав. Энжээ хэзээ ч ажлын өдрүүдээр хамаатныдаа хонодоггүй байсан билээ.

Санаа элдийг бодох гэтэл өдөржингөө хоосон ходоод хоол нэхээд хэрэг алга. Талх идээд унтдаг юм уу хэмээн бодон хар цай аягандаа хийж аваад  суутал гаднаас Хуягаа орж ирэв. Санаа Хуягааг харснаа тоомжиргүй бас гунигтайхан бас өлссөн ходоодондоо цай өгөх ажилтай суутал Хуягаа Энжээгийн орон дэр суун Санаагийн өөдөөс ширтэв. Даруухан, энгийн төлөвхөн энэ залуу өчигдрийн үнсэлтээс хойш эрээ цээргүй ширтэх ажээ. Санаа шал дургүй нь хүрэв. Уг нь Санаагийн хүсэлтээр болдог бол Хуягаа Энжээ хоёр үерхээд Төөдөөтэйгээ Санаа амьдраад дөрвүүлээ сайхан найзууд болмоор. Даанч Хуягаа Энжээг аальгүй хэмээн хочилж нэг нүдээрээ хялайж харалгүй хоёр жилийг ардаа үджээ.  Хуягаа “Санаа, би чиний санаж байгаа шиг тийм муу хүн биш ээ. Би зүгээр л чамайг харж явдаг, чи мэдэж л байгаа шүү дээ. Би уг нь чамтай л үерхэж, чамайг л аав ээждээ танилцуулна гэж боддог байлаа” хэмээн учирлангуй, бас горьдонгуй гуйлаа. Санаа “дэмий л чи жаахан галзуу байх аа” хэмээн юу ч бодолгүй хэлэв. Уржигдар Төөдөөг Энжээтэй хоносоныг Хуягаа мэдэж байгаа болов уу?  Гэхдээ яг энэ нөхцөл байдалд Санаа энэ яриаг хийж болохгүй байлаа. Тэгээд ч Санаа сэтгэл зүрхийн асуудлаа хүн хүнд дэлгэн тавих туйлын дүргүй нэгэн билээ. Бас Энжээг Хуягаад санаатай байсныг ч мэднэ, Санаа зүгээр л толгой сэгсрэн, бас жирвэгэр хар хөмсгөө нэг өргөн санаа алдлаа. Юутай ч,  өөрт нь талтай Энжээ Төөдөөтэй нь орооцолдсон баримтыг Санаа Хуягаад хэлэх хэрэггүй хэмээн бодлоо, ядаж байхап өчигдрөөс хойш юу ч идээгүй ходоод нь хоол нэхээд хэрэг алга.

Тэгснээ Санаа “За, Хуягаа, хоёулаа өчигдрийн тэр үнсэлтийг ахан дүүсийн үнсэлт гээл д үзэе. Чи надад яг ах шиг минь байдаг шүү дээ, би чамайг хараад л би яг ийм ахтай болохыг мөрөөддөг байсан  гэж бодож байсан“ хэмээн хэлэхдээ би чамтай үүнээс өөрөөр байж чадах байсан бол бүхэл бүтэн хоёр жил мэддэг чамайг алгасан танай ангийн хүүхэдтэй юу гэж найзлах вэ дээ хэмээсэн өнгө илт байлаа.  Хуягаа уурсан “Би чамд өөрийгөө таниг гэж энэ хоёр жилийг өгсөн юм даа ” хэмээхэд Санаагийн нүдэнд нулимс мэлтэлзэн өөрийн эрхгүй уйлчихлаа. Энэ уг юутай гашуун бас ямар аймаар үнэн үг вэ?  Санаа сая л сэхээ авч “Хуягаа, би чамайг гомдоомооргүй байна. Би гэхдээ чамд сайн биш” гэж өөрийгөө “хамгааллаа”. Хуягаа царай нь хувьсхийн гарж хаалга зүглэхэд  Санаа “чи гэхдээ надтай найзаараа үлдэнэ биз дээ” хэмээн чин сэтгэлээсээ гуйлаа. Хуягаа энэ удаад өөрөө хаалга саван гарц одлоо.

Санаа хэзээ ч Хуягаад сайн болохгүй гэдэгээ л мэддэг билээ. Байн байн орж ирэх энэ залуу, англи орос хэлэндээ ус цас, толгой гэж лаг. Зан гэж зүйрлэхийн аргагүй уян зөөлөн, өндөр, туранхайдуу биетэй энэ залууд уг нь хүний хайрыг татах бүх л юм байгаа, гэхдээ л Санаагийн хайрыг лав биш. Санаа ч Хуягааг уурлан гарч одсонд нэг их эмзэглэсэнгүй. Хайр сэтгэлээ гэж нэгэн бодлын шударга “нөхөр” лав огт биш. Санаа “Хоолоо л хийж идэж үзэе” хэмээн гурилын түмпэн шүүрэн авлаа.

Тэр өдрөөс хойш Энжээ хичээлдээ огт ирсэнгүй 3 долоо хонолоо. Тасагтаа ч ирсэнгүй. Санаагийн уур нь аажим аажмаар замхарч Энжээд санаа нь зовж эхлэв. “Яанаа, тэнэг чинь ингэж хичээлээ тасалж байгаад хөөгдлөө шүү дээ” хэмээн санаа зовон бүх хичээлийнх нь лекцийг нэг нэг хувь хуулан тавьлаа. Санаагийн сэтгэл улам улам зовлоо. Одоо яана аа, Энжээ нь ирэхгүй ингэсээр байгаад сургуулиа хаячихвал яана аа хэмээн бодсоор, “Үгүй би яаж Энжээтэй нэг тасагт байна аа гэж бодоу байсан харин ч эсрэгээр ганц найзаа гомдоомондоо өөрийгөө зүхээд Энжээ нь өөрийгөө золионд гаргаад,  Энжээгүй болчихвол яаж энэ тасагт байна аа ” гэж бодох ёстой байсан аа сая л ухаарлаа.

 Муу Энжээ нь ядахад ээжтэйгээ хоёулахнаа, энэ хорвоо дээр. Ээж нь Энжээг өсгөх гэж ганц бие бүсгүйн зовлонг эдлэн, бас эмч хэмээх өндөр алдрыг өргөх гэж насаараа зүтгэж ирсэн билээ. Хөөрхий тэр бүсгүйн насаараа тарьж ургуулсан цэцэг Санаагийн бодлогогүй сонголтоос болон гандаж хөсөр хаягдана гэдэг бол Санаагийн хувьд байж боломгүй зүйл байлаа. Тэр муу Төөдөө миний ганц найзыг татаж чангааж байгаа юм чинь өөр хаа л бол хаана хэнтэй л бол хэнтэй ингээд л заваараад явж байгаа жирийн л нэг муу залуу байна шүү дээ хэмээн Санаа бодсоор,  Энжээгээ хичээлээ ингэж олон хоногоор таслахыг огт үзээгүй тул шаналсаар. Энжээ нь уг нь хичээлдээ гоц сайн биш ч хувиа тавихгүй нэгэн бөгөөд хариуцлагатай, хичээл таслах бүү хэл хичээлээс хоцорч үзүүгүй чамбай оюутан билээ. Санаа Энжээ хоёр нуруугаар ойролцоо, Санаа нь цэвэрхэн бор царайтай бол, Энжээ нь зэгзгэр цагаан ийм нэгэн оюутан охидууд билээ.

Энжээгийн хувьд ээжтэйгээ хоёулахнаа тул ээж нь ганц охиндоо захын ч гэлээ гайгүй хувцас хунар аваад өгөхийг боддог бол Санаагийн хувьд дороо дөрвөн дүүтэй айлан том охин. Аав нь насаараа монгол хэлний багш хийж байгаад Санааг нэгдүгээр күрст орсон өвөл нас бараад, бага ангийн багш ээж нь дөрвөн жижиг дүүтэй нь үлдсэн билээ. Санаа нэгэнт амьдрал ийм тул Энжээг л бодвол илүү дутуу чэмэглэл огт үгүй бөгөөд энэ нь Санаад хөдөөний гэдэг тодотголыг зарим залуучууд өгөхөд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.  Санаагийн гэр Завханд, Энжээгийн гэр нь Дарханд ажээ.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
xvv (зочин)

Бүх юм хоосон орхиод явчлаа... Амьдралаа гэж. Гэхдээ хүчтэй байнаа :D Гоё бичжээ.

AntiDotE (зочин)

энэ тэгээд дуусцымуу.

Дамдаа (зочин)

Энэ харин энэ дэлхийн нэг номерын уран сэтгэмж байгааз, хэ хэ хэ . Дуусаагүй ээ дуусаагүй, эзэн нь нам дампуураад алга болчихсон.Цаагуур чинь баабар маабар гээд л солиороод гүйж явана лээ, хэ хэ хэ. Одоо нэг бичлэгээр дампуурчаад дан энийгээ дагнана.

xvv (зочин)

Дээр хоосон оргиод гэх гээд алдсан байна.. :p Эхний хоёрыг сая уншчихсан чинь... Хурдан дуусгаарай. Дууссаных нь дараа надад хэлчих тэгэх үү. Таалагдсан зүйлээ ингэж таслаж уншихаар тарчилчихдаг юм аа...

turihan (зочин)

үргэлжлэл яасан??? үргэлжлэл яасан??? үргэлжлэл яасан??? үргэлжлэл яасан???үргэлжлэл яасан??? үргэлжлэл яасан???үргэлжлэл яасан??? үргэлжлэл яасан???үргэлжлэл яасан??? үргэлжлэл яасан??? энэ зохиолоо дуусгахгүй юмуу, маш их таалагдаад байдаг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)