ДАМДАА : Буруу энгэртэй дээл-1

Буруу энгэртэй дээл-1

" Төөдөө одоо Энжээтэй юу даа? Арай ч дээ." 

Санаагийн толгойд элдэвийн бодол эргэлдэн бүр сүүлдээ заадлаараа салах шахан өвдөв. Арай ч дээ, байж боломгүй юм. Үгүй Төөдөө чинь одоо надтай уулзах гэж манай тасагт ирээд, намайг байхгүй бол өнжин хүлээдэг байсан биз дээ. Эсвэл Энжээтэй уулзах гэж ирдэг байсаныг нь би ойлголгүй буруу хүнд нүүр өгөөд байсан хэрэг үү. Үгүй Энжээ ч гэсэн дээ, бид хоёрыг мэдэж л баймаар юм, үгүй тэгээд яахаараа ийм юм болдог байна аа.

Санаагийн хувьд өнөөдөр бүх юм орвонгоороо эргэжээ.  Төөдөөтэй уг нь өөрийгөө учирлаа гэж бодсон юм сан, гэтэл учрал биш зүгээр л нэгэн унталтууд байсан байна гэдгийг ойлгонгуут, бас өөрийнх нь найз охин өөрийнх нь залууг хулгайлсныг мэдэнгүүт үнэн хорвоо гэдэг утгагүй ч юм шиг. Тийм даруухан, нүдээрээ инээмсэглэсэн залуу ингэхийг бодохоор дахиад хэнд ч  итгэмээргүй юм шиг.

Санаа яг одоо бүхнийг орхимоор санагдав. Сургуулиа хаяад сумандаа очоод сайхан физикийн багш болдог ч юм уу. Үгүй ээ болохгүй, юутай ч сургуулиа төгсөх хэрэгтэй. Юутай ч энэ балай тасгаас зайлах минь. Гэтэл хотод таних айл ховор, аавийнх нь ах гэдэг айл хороололд байдаг ч ахынхаа авгайн мөс шиг хүйтэн царайг харж айлд байснаас зүгээр л тасагтаа нүүрээ ширлээд ч болтугай  хэвтэж байсан нь дээр ч юм шиг. Нэг муу тэнэг залуугаас болоод сургуулиа хаяна гэдэг дэндүү өндөр төлбөр ч юм шиг. Үгүй тэгээд одоо ийм Энжээтэй яаж нэг тасагт инээж хөхрөөд байх болж байна аа. Үнэхээр Санаагийн хувьд сэтгэлд нь багтахгүй байлаа. Яг одоо бол Санаа ээждээ гүйж очоод нэг сайхан баймаар, энгэрт наалдаад нэг их уйлмаар. Ноднин жил өнгөрсөн муу аавийгаа бодов. Яагаад хүмүүс намайг ингэдэг байна аа, аав минь өнгөрсөн болохоор хүмүүс намайг ингээд байна уу, Санаагийн нүдэнд нулимс хуралдав. Гэхдээ л Санаа уйлмааргүй байлаа. Төөдөө Санаагийн хувьд нэгэнт дусал нулимс ч дэндүү ахадахаар тийм л нэгэн залуу болон аль хэдийн хувирчээ.

Гэтэл хаалга дуугаран Энжээ орж ирэв. Юу ч болоогүй мэт найзархаг тэр царайг харахаар угаасаа Төөдөө энэ хоёр бүр эхнээсээ ийм байсан ч юм шиг, тэрийг нь өнөөдөр л Санаа мэдэж байгаа ч юм шиг. Юутай ч Санаа Төөдөөгийн талаар үг цухуйлгахгүй хэмээн шийдэв.

-Чи минь юу болов ?  хэмээн Энжээ асуув.

Санаа зүгээр л санаа алдан, тэртээ хол явсан аавийгаа бодоод хэмээн худлаа хэлэв.  Энжээ бодлогоширонгүй болж нэг ирснээ,

-Аав гэдэг их чухал хүн байх аа, тийм ээ хэмээснээ За за найз нь өнөө орой  5 шар руу явж хонолоо. Нэг сайхан тааваараа усанд орж, эгчийнхээ хувцас хунарыг сонжиж байгаад ирэе хэмээв.

 Энжээг явсаны дараа Санаа нэг их архи уумаар ч юм шиг, ер нь яамаар ч юм дээ, бүү мэд нэг л сонин. Гэтэл хаалга дуугаран Төөдөөгийн нэг анги Хуягаа орж ирэв. Хуягаа хэмээх энэ өндөр бор залуу байнга тэдний тасгаар эргэлддэг бөгөөд хоолтой үедээ хоолоо хувааж идээд хоолгүй үедээ нэг сайхан хар цай чанаж уун элдвийг хөөрөлддөг нэгэн бөлгөө. Санаа тэр хоёр үнэхээрийн найзууд болсоор 2 жилийг ардаа үджээ. Тэр л нэгэн өдөр Хуягаа ангийнхаа хүүхэд хэмээн Төөдөөг дагуулан тэдний тасагт орж ирсэн бөгөөд нүдээрээ инээмсэглэсэн тэр залууг анх хараад л Санаа дурласан билээ. Төөдөөд хүн татах онц сонин юм юу ч байхгүй мэт, гэхдээ л Санаагийн хувьд Төөдөө үгээр хэлэхийн аргагүй тийм нэгэн мэдрэмжийг төрүүлдэг нэгэн байлаа. Анх Төөдөөг тэдний тасагт орж ирэхэд Санаа түүнтэй хослон бүжиг бүжиглэж байна хэмээн төсөөлсөн билээ.

Төөдөө ч Санаа руу яг тийм гэж хэлэхийн аргагүй тийм л харцаар харж Санаа ч гэсэн тэр харцанд бүдэрч, гэв гэнэт нэгэн өдөр Төөдөө тэдний тасагт ирж Хуягааг хараагүй биз хэмээн асууж, "Хуягааг манайхаар өнөөдөр орж ирээгүй " гэж хичнээн хэлсэн ч нэмэргүй суусаар л, Санааг ширтсээр л өнгөрүүлсэн тэр өдрүүд Санаагийн нүдний өмнүүр жирэлзэв. Хуягааг харангуутаа Санаагийн дотор бүрхэж нүдэнд нь нулимс бүрхэн ирэв.

Хуягаа, "Танай индүүг зээлэх гэсэн юм" хэмээн хариу огт хүлээлгүй индүүг нь хайн үүгээр түүгээр харна. Сая л Санааг үг дуугарахгүй суухыг анзаарсан Хуягаа царайг нь ажсанаа байрны мухар сандалыг  Санаагийн орны өмнө аваачин тавьж өөдөөс нь анхааралтай ширтэн суув. "Юу болоо вэ?" хэмээн асуунгаа гайхангуй царай илэрхийлэхэд Санаа нулимсаа барьж дийлсэн ч үгүй, бас барихыг оролдсон ч үгүй.

Хуягаагийн царай төв болж ирснээ "Яасан? хэн чамайг гомдоосон?" хэмээн асуув.Хуягаагийн хувьд Санаа хэмээх энэхүү нүдэнд дулаахан бор охин эрхэм нандин хүмүүсийн нэг нь явсан цаг байсан юм шүү. Даанч, Санааг Төгөлдөр хэмээх хичээлдээ тааруу, айлын эрх хүүхдэд тэгтлээ хөл алдана чинээ зүүдлээгүй. Хуягаа Төөдөөг Санаагийн тасагт дагуулж орсноо бодохоор өөрийгөө зүхэх ч үе байдаг билээ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
arius (зочин)

urgeljleliig l hurdan taviarai pls :). neg yum unshiad ehelheeree duusgahgui bol buhimddag muu zantai he he

tuvsho (зочин)

hurdan urgeljleliig n bicheerei huuhdee! waiting!

Дамдаа (зочин)

Яанаа одоо юугаа бичиж хуйхаа маажидаг юм билээ, хэ хэ хэ. Худлаа худлаа. Би нэг ийм түүх мэддэгийн, гэхдээ Санаа нь Төөдөөэйгээ тэгээд за за болий болий.

AntiDotE (зочин)

яаая, зохиолч болцон бээшд. за амжилт хүсэе.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)