ДАМДАА : Буруу энгэртэй дээл -2

Буруу энгэртэй дээл -2

Энжээ байрнаасаа гарангуутаа өвлийн сэнгэнэсэн хүйтэн агаарыг цээж дүүрэн амьсгалав. Хацрыг нь хага хайрдаг байсан энэ агаарт сая л нэгэн ид шид байхыг Энжээ мэдэрлээ. Үнэндээ Санаагийн царайг харахад үнэхээрийн хэцүү байсан ч нүүрэндээ арайхийн худлаа инээмсэглэл тодруулан тодруулан мишээсээр, бушуухан маргаашийн хичээлийнхээ хэдэн дэвтрийг хам хум цуглуулан гарч ирсэн нь энэ билээ.

Энжээгийн хармаанд сохор улаан зоос байхгүй микрээр явах байтугай автобусаар явахыг ч саналтгүй байлаа. Тэр бүү хэл троллейбусанд ч суух таван төгрөггүй Энжээ 5 шар хүртэл яаж явах  нь тодорхойгүй. Ядахад очидог ганц айл нь 5 шард ч байгаад байхдаа яахав, урьд шөнийн залуу нь Санаагийх нь залуу байгаад ч байхдаа яахав. Утгагүй юм бүхэн хүртэл жаахан  ч гэсэн “утгатай” байх ёстойг хэдийн хойно ч гэлээ ухаарах шиг болж нүдний нулимс нь бүрхэж ирэв. Энжээд үнэндээ ээж нь тэгээд Санаа нь л байдаг билээ. Ээжтэйгээ хоёулахнаа өссөн Энжээд хотод их сургуульд ороод оюутаны байранд ороход Санаа хэмээх даруухан “хөдөөний” гэдэг тодотголтой эгэл энэ охин хичнээн дэм болж байлаа. Санаа Энжээгээс юугаа ч нууж байсангүй, бас Энжээ ч Санаагаасаа юугаа ч нууж байсангүй явсаар 2 жилийг ардаа үдсэн хоёр билээ.

Энжээгийн хувьд Хуягаад уур нь хүрэн, энэ бүхэн өмхий муу Хуягаагаас л болж байгаа юм хэмээн уурсан бодлоо. Энжээ оюутан болж хотод ирсээр адал явдал ихтэй 2 жилийг ардаа үдсэн бөгөөд адал явдлын гол сэдвүүд нь бүтэлгүй учралуудаар дүүрэн нэгэн болон хувирчээ. Анх Хуягааг харж сэтгэл ихэд татагдаж нүд нь баясаж явсан үе байдаг хэдий ч одоо Энжээ тэр талаар бодохыг хүссэнгүй.

Ер нь Энжээгийн хувьд “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” гэсэн уриаг дэвшүүлэх  цаг нь аль хэдийн болсон мэт бодогдов. Өөрийнх нь аав гэж хүн хаа ч явдаг юм бүү мэд, тэр хүнийг Энжээ амьдралдаа нэг ч удаа олж хараагүй. Аймаар байгаа биз дээ, бүхэл бүтэн хүн өөрийн биеэс нь тасран унаад тэр хүнийг хөөрхий нэгэн бүсгүй “үр минь, хайр минь” хэмээн бүхий л амьдралаа золиослон байж ургуулж байхад тэр аав гэдэг эр хүн хаана явна?  Багадаа Энжээ аавыгаа ээжээсээ их асуудаг байсан санагдана, гэхдээ юу гэж хариулдаг байсныг нь санахгүй балчир байж дээ. Жаахан томроод ухаан ороод ирэхийн цагт, Энжээгийн хувьд ээждээ хийж чадах хамгийн том “тус” нь ээжээсээ аавыгаа нэхэн шалгаахгүй байх явдал юм байна гэдгийг хатуу ойлгон ээжээсээ хэзээ ч тэр хүний талаар дахиж  асуугаагүй, ээж нь ч ярьдаггүй байсаар өдийг хүрчээ.

 Багад нь Энжээд элдэв янзын амттан авчирч өгдөг байсан бас ээжтэй нь уулзах гэж ирдэг байсан тэр ах нар хаана байна? Өөрийнх нь хувьд анхных нь байсан тэр сагсуу залуу одоо хаана явна? Хөөрхөн охин, хөөрхөн охин гээд л хөөргөөд байсан, бүх юм дуусангуут тэгээд л алга болсон. Бас бус хөнгөн учралууд нэгээр тогтохгүй байж л байна. Ер нь би энэ муусайн эрчүүдээр яадаг юм, ээж минь намайг ганцаараа өсгөөд  буруудсан юм алга л байна даг, би ерөөсөө том болоод нэг хүүхэд өргөж аваад ............ гэтэл  Энжээгийн ард машин айхтар хүчтэй тооромзлох дуулдахад сая л Энжээ Ялалтын тэнд зам хөндлөн гарч яваагаа мэдлээ.

“Хүүе, эргүү минь ээ, замаа сайн хар л даа” хэмээн нэг том Ланднаас бандгар цагаан залуу бууж ирэн Энжээ руу дайрав.  Энжээгийн багтаж ядан байсан уур нь нэг мөсөн дэлбэрч  “Үхсэн нэг муу таван төгрөггүй ядуу оюутан  найз охинтойгоо нэг тасагт байх нүүргүй болчоол 5 шар руу алхаж яваа биз. Ихээр бодоход, нэг муу хүн амьдралаасаа уйдсан ч яваа юм билүү, чи дайрч хаяад буян болчихгүй яасан юм ” хэмээн жолооч руу ярдаглав.

Жолооч сая л сэхээ аван, “Аа яа, бас их ууртай” хэмээн Энжээ рүү ихэд нямбайлан ширтэв. Түүний өмнө цэнхэр курткатай, цагаан ноосон ороолт малгайтай, цагаан цэнхэр өмдийг элэгдтэл өмссөн, мойл хар нүд нь дэндүү уурссан, нимгэн цагаан царайтай, өндөр туранхай охин зогсож байлаа.  Энжээ “Чиний муу ямбий Ландад  мөргүүлсэн ч би яах ч үгүй” хэмээн ууртай хэлснээ тэр чигтээ эргэн хурдан хурдан гэгч нь алхан одов. 

Энэ залууг Батчулуун гэдэг бөгөөд олон жил гадаадаар сурж, ажиллаж амьдарсаар өнгөрсөн жил нутагтаа ирэн төвхнөж байгаа залуу билээ.  Батчулууны хувьд нилээд шаггүй нэгэн. Төслийн тендэрт ялан энд тэнд захиалга гүйцэтгэгч компанийг байгуулан хирэндээ л хичээж яваа бас хирэндээ л бужигнуулж явдаг энэ залуу, ийнхүү Энжээтэй  замын голд тулжээ. Замын дундаас гэв гэнэт хүн сүүтэгнэн гараад ирэхэд гадаадад удаан жил амьдарч дассан Батчулуун “манайхан замын хөдөлгөөний дүрэмээ ер барьдаггүй, аминаасаа уйдсан хүмүүс шүү” хэмээн ихэд бухимдана. Өнөөдөрийн хувьд ч жинхэнэ амьнаасаа уйдаагүй чин зоригтонтой ийнхүү учирчээ.

Батчулуун Энжээгийн хойноос гүйн, “Чи 5 шар орох гэж байгаа юм уу, яаж тэр хүртэл алхах юм бэ? Би гурвалжингийн гүүр орох гэж явна, чамайг хүргээд өгөе л дөө” хэмээн хэллээ. Энжээ хэнэг ч үгүй, “чиний муу ямбий машиныг тоож суухгүй” хэмээн томров. Батчулуун “Сонирхолтой бүжин нэг байна уу, энэ чинь ” хэмээн бодоод инээд алдлаа. Батчулуун Энжээгийн гарнаас барьж зогсоон “Суу л даа, одоо ингээд бүрий боллоо. Тэгээд ч хүйтнэ байна шүү дээ. Хороололоос цаашаагаа зэрлэг нохой ч ихтэй, элдвийн хүн ч замд чинь таарч мэднэ” хэмээн үнэнээсээ учирлав. Энжээ сая л нэгийг санасан бололтой Батчулууныг нэг харснаа, чимээгүй даган машинд нь орж суув. Батчулуун машинаа асааснаа чи дуу сонсох уу, ямар дуу сонсмоор байна гэж асуухад Энжээ “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” гэдэг дууг сонсмоор байна хэмээв. Батчулуун энэ удаад хүнгэнэтэл инээлээ. “Ийм жаахан охин, бас тэгээд эрчүүдийг үзэн ядна гээд байгаа” хэмээн тачигнатал инээнэ. Энжээ Батчулууныг харан “Энэ ах ч ёстой жинхэнэ миний үзэн ядмаар эрчүүдийн нэг нь дүрээрээ зогсож байна даа” хэмээн бодсоноо өчигдөрийн явдлаа санан царай нь төв болон том хар нүднийх сормуус доош суув.

Батчулуун Энжээг энгэрийнхээ толинд ширтэн ширтэн харваас эрээний хэдэн хувцсаа элэгдэтэл нь өмссөн ч, маш цэвэрхэн, туйлын донжтой тохируулан өмссөн байхыг нь ажин бас том хар нүдэнд нь гуниг хурган байхыг ажин ямар гээчийн гоо үзэсгэлэн бэ хэмээн дэмий л дотороо гайхан гайхан бодон явлаа. Өдий настай  ганц бие, барууны амьдралаар амьдардаг Батчулуунд учираагүй хүүхэн, олж хараагүй бүсгүйчүүд гэж ховор сон. Гэхдээ энэхүү турьхан, цагаахан, гунигтайхан энэ жаахан оюутан охиныг ер нүдээ салгаж чадахгүй ширтээд байгаагийнхаа учрыг бас өөрөө олохгүй гайхан явсаар нэг мэдэхнээ 1-р хороололоос гарч явлаа.  Батчулуун сая л нэгийг санан, чи тэгээд аль сургуульд юу судалдаг “үзэн ядагч” вэ? хэмээн асуухад Энжээ инээд алдсанаа физикч л болно гэж бодоод байгаа хэмээн хайнга хариулав. Тэгснээ аан энэ цагаан байруудын нэг нь манай хамаатаных, би ингээд буучихая гэхэд “Аан би орцны чинь гадаа буулгаад өгөе” хэмээн Батчулуун замаа муруйн туслах замаар орлоо. “Энэ 25-р байрны гадаа” гэж Энжээг хэлэхэд Батчулуун зогсож Энжээ ч год үсрэн буулаа. Энжээ цаашаагаа алхсанаа, эргэн харж нэг инээмсэглэчихээд 2-р орц руу гүйгээд орчихлоо. “Баяртай ч байхгүй, баярлалаа ч байхгүй” шүү хэмээн Батчулуун дотороо нэгийг санан толгой сэгсрэн инээмсэглэн бодов. 25-р байранд хамаатантай, ирээдүйд физикч болох гэж байгаа гэсэн хоёрхой “түлхүүр”тэй хоцорсон Батчулуун  машинаа нэг сайн хаазалснаа буцаж төв замдаа орон сүнгэнэтэл давхин одов.

Үргэлжилэл бий ....

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
strawberry (зочин)

Дажгуй байна. үргэлжлэл хурдан гараасай.. баярлалааа Дамдаа блог-оо амжилт!!!!

Зочин (зочин)

goyo bna urgeljleliig hurdan tavisugai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Гандирс (зочин)

Уншиж амжихгүй л байна. Завтай үедээ уншинааа хэхэ

xvv (зочин)

Сүүлийнхийг нь эхлээд уншчихсан байсан болохоор уншаагүй юм... Сая тэнэж яваад ороод ирлээ... дахиад таалагдлаа :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)